Аймгийн төр, нутгийн захиргааны төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагуудын Удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай хуралдаанд аймгийн Нийгмийн даатгалын газар, Статистикийн хэлтэс мэдээлэл танилцууллаа. Танилцуулсан мэдээлэл болон цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат дараах үүрэг, чиглэлийг өгөв.
Үүнд:
1.Жилийн эцсийн мал тооллогын ажлыг зохион байгуулахад бүх шатанд анхаарч, үнэн бодит, үр дүнтэй зохион байгуулахыг холбогдох байгууллага, сумын Засаг дарга нарт,
2.Томуу, томуу төст өвчний дэгдэлт ихсэж байгаатай холбогдуулан иргэд, олон нийтэд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг тогтмол хүргэж ажиллахыг аймгийн Эрүүл мэндийн газрын даргад, Засгийн газрын 2026 оны 398 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг нийт байгууллагын удирдлагуудад,
3.Цаг агаарын мэдээллийг нарийвчлан гаргаж иргэд олон нийтэд тогтмол мэдээлэх, аймгийн Онцгой комисс болон холбогдох байгууллага, сумдыг тухай бүр мэдээллээр хангаж ажиллахыг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргад,
4.Аймгийн Засаг даргын удирдамжаар батлагдсан ажлын хэсэг 2026 оны 11 дүгээр сарын 12-20-ны өдрүүдэд нийт сумдад иргэд, олон нийттэй уулзах уулзалтыг зохион байгуулсантай холбогдуулан уулзалтын үед иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг нэгтгэн авч, төлөвлөгөө гарган, холбогдох газар, албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтийг шуурхай зохион байгуулж, хариу өгч ажиллахыг аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргад,
5.Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймэртэй холбогдуулан зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөн, тандалт судалгаа, ажиглалтыг орон нутгийн удирдлага, хилийн цэрэг, нутгийн иргэдийн оролцоотой зохион байгуулж, цаашид авах арга хэмжээний саналыг тухай бүр аймгийн Засаг даргад танилцуулах, зэрлэг амьтдад өвс тэжээл хүргэх ажилд хяналт тавих ажлын хэсэг томилж, бодит мэдээллээр аймгийн Засаг даргыг хангаж ажиллахыг аймгийн Засаг даргын тамгын газрын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргад,
6.“Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах журам”-д заасан холбогдох тайлан, мэдээллийг тогтоосон хугацаанд хүргүүлж ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагуудад,
7.Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2026 оны 03 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхдийн төлөө ЗА бол ЗААВАЛ хийе” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжилт хангалтгүй байгаа ажлуудын шалтгаан нөхцлийг тодорхойлж, ажил эрчимжүүлж ажиллахыг аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргад, удирдлага, арга зүйгээр хангаж ажиллахыг аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргад,
8.Байгууллага бүр өөрийн хуваарьт талбайд орчны цэвэрлэгээ хийж, иргэд, оршин суугчдын аюулгүй байдлыг хангаж ажиллахыг нийт байгууллагын удирдлагуудад,
9.Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа, сахилга, дэг журмыг хангах, аливаа зөрчил, дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор бүх шатанд дотоод хяналтын ажлыг эрчимжүүлж ажиллахыг нийт байгууллагын удирдлагуудад,
10.“Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах олон улсын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулах арга хэмжээний санал, төлөвлөгөөг боловсруулж танилцуулахыг аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргад тус тус үүрэг болгов.