loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

МӨРӨН СУМАНД НЭГДСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ПОСТ АЖИЛЛУУЛНА

Мөрөн суманд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хууль бус ан агнуурыг таслан зогсоох, ойн дагалт баялгийн зохистой ашиглалт, мал, амьтны шилжилт хөдөлгөөнд хяналт тавих чиглэлээр 2026 оны есдүгээр сарын 10-наас аравдугаар сарын 01-ний өдрийг хүртэл нэгдсэн хяналт шалгалтын пост ажиллуулна. Хяналт шалгалтыг батлагдсан хуваарийн дагуу 24 цагаар эргүүл, постын хэлбэрээр зохион байгуулж, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллах юм. Нэгдсэн хяналт шалгалтад аймгийн Засаг даргын Тамгын газрын Салбарын хяналт, зохицуулалтын хэлтэс, Байгаль орчны газар, Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, Мал эмнэлгийн газар, Зоонозын өвчин судлалын төв, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргаа, Дэлгэрмөрөн, Шишхэд голын сав газрын захиргаа, Автотээврийн төвийн байцаагч, албан хаагчид хамтран оролцоно. Хяналт шалгалт эхлэхтэй холбогдуулан постод үүрэг гүйцэтгэх албан хаагчдад аймгийн Засаг даргын Тамгын газрын Салбарын хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга Ё.Батсайхан болон холбогдох байгууллагын төлөөллүүд хяналт шалгалтын чиглэл, зохион байгуулалт, анхаарах асуудлын талаар нэгдсэн мэдээлэл, үүрэг чиглэл өглөө.