FHI 360 олон улсын байгууллага, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагатай хамтран “Халдварт болон зоонозын өвчний дэгдэлтийг тогтвортой хянахад дэмжлэг үзүүлэх нь” төслийг 2026 оны дөрөвдүгээр сараас Хөвсгөл аймагт хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд халдварт болон зоонозын өвчний тандалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор аймаг, бүсийн түвшний сургалт, чадавхжуулах үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж байна. Зоонозын өвчний хяналтыг сайжруулахад оролцогч талуудын хамтын ажиллагааг зохицуулах чиг үүрэг бүхий Эрсдэлийн харилцаа холбооны баг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдан ажиллаж байна. Тус багийн ээлжит уулзалт 10 дугаар сарын 29-нд болж, төслийн хэрэгжилтийн явц, хийж гүйцэтгэсэн ажил, өмнөх уулзалтаас өгсөн үүрэг, чиглэлийн биелэлтийг хэлэлцэн, цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр багийн гишүүд бүлгээр ажиллаж, галзуу өвчний тархалт, эрсдэлийн зураглал боловсруулан, өвчний тархалтын нөхцөл байдлыг үнэлэх, эрсдэлийг тодорхойлох арга зүйн дадлага хийлээ. Энэхүү уулзалт нь төслийн хэрэгжилтийн явцыг дүгнэхийн зэрэгцээ орон нутгийн түвшинд өвчний тандалт, хяналтыг сайжруулахад шаардлагатай арга зүйн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой боллоо. Цаашид мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг үргэлжлүүлж, өвчний эрт илрүүлэг, эрсдэлийн үнэлгээ, хариу арга хэмжээний бэлэн байдлыг сайжруулахад анхаарч ажиллах юм.
