Жил бүрийн зургаадугаар сарын 14-ний өдрийг дэлхий нийтээрээ “Цусны донорын дэлхийн өдөр” болгон тэмдэглэж, сайн дурын, авлагагүй доноруудын хүмүүнлэг үйлсийг алдаршуулан сурталчилдаг уламжлалтай. Энэ жилийн тэмдэглэлт өдрийн нээлтийн арга хэмжээнд Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар, Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийбаяр, Нэгдсэн эмнэлгийн захирал Ю.Энхжаргал, Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхболд, Клиникийн профессор М.Батсайхан агсны гэр бүл, Мөрөн сумын ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Клиникийн профессор М.Батсайханы нэрэмжит Нэгдсэн эмнэлгийн Цусны салбар төвийн хамт олон, төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд болон үе үеийн хүндэт донорууд оролцлоо. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймагт нийт 1378 донор бүртгэлтэй байгаагаас 556 нь идэвхтэн донор байна. 2026 онд 72 иргэн шинээр донорын ариун эгнээнд нэгдэж, нийт 721 нэгж цус, цусан бүтээгдэхүүн бэлтгэн, 684 хүний амь насыг авран хамгаалахад хувь нэмрээ оруулжээ. Мөн аймгийн хэмжээнд 84 Хүндэт донор, 2 Хүрэл донор бүртгэлтэй байна. Цусны донорын үйл ажиллагааг дэмжих зорилгоор орон нутгийн төсвөөс 2025 онд 15.0 сая төгрөг, 2026 онд 17.5 сая төгрөг буюу нийт 32.5 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэн дэмжсэн байна. Арга хэмжээний үеэр аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар “Хүн бүр бусдад амьдрал бэлэглэх хүмүүнлэг сэтгэлээр цусаа бэлэглэж, сайн дурын, авлагагүй донор болохыг” уриалж, донорын хөдөлгөөнийг дэмжин оролцож буй иргэдэд талархал илэрхийлэв
