
Дэлхийн зөн олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй EPIC II “Халдварт болон зоонозын өвчний дэгдэлтийг тогтвортой хянахад дэмжлэг үзүүлэх” төслийн хүрээнд Эрсдэлийн харилцаа холбоо, олон нийтийн оролцооны (ЭХХОНО) багийг чадавхжуулах бүсийн сургалт Орхон аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Тус сургалтад Орхон, Булган, Хөвсгөл аймгийн төрийн болон мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцов. Сургалтад аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Байгаль орчны газар, Мал эмнэлгийн газар, Зооноз өвчин судлалын төв, Нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагын төлөөлөл бүхий Эрсдэлийн харилцаа холбоо, олон нийтийн оролцооны багийн гишүүд хамрагдсан юм. Сургалтыг FHI360 олон улсын байгууллагын зөвлөх Ш.Энхтүвшин, Дэлхийн зөн олон улсын байгууллагын төслийн мал эмнэлгийн зөвлөх, ШУ-ны магистр С.Дивангар, эрүүл мэндийн зөвлөх, АУ-ны доктор, профессор Б.Сувд болон төслийн зохицуулагч Э.Амармөрөн нар онол, дадлага хослуулсан хэлбэрээр удирдан зохион байгуулав. Сургалтын хүрээнд эрсдэлийн харилцаа холбооны багийн бүтэц, чиг үүргийг тодорхойлох, төлөвлөлт боловсруулах, стандарт журам батлуулах, гамшиг болон нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн эрсдэлийн харилцаа холбооны бэлэн байдлыг хангах, тайван цагийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хадгалах чиглэлээр мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн агуулгыг багтаан ажиллалаа. Энэхүү сургалт нь халдварт болон зоонозын өвчний эрсдэлийг бууруулах, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон нийтэд хүргэх мэдээллийн шуурхай, хүртээмжтэй, зөв тогтолцоог сайжруулах юм.