loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

МӨРӨН СУМЫН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ХҮЧИН ЧАДЛЫГ САЙЖРУУЛАХАД 250 МЯНГАН ЕВРОГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ.

2026-10-23

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар өнөөдөр буюу 2026 оны аравдугаар сарын 20-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Барут/Марк хотын захирагч асан, Тогтвортой хөгжил, эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын нийгэмлэгийн тэргүүн Петер Илкийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Мөрөн болон Барут/Марк хотуудын хооронд сүүлийн 15 жилийн хугацаанд хэрэгжүүлж ирсэн хамтын ажиллагааны үр дүн, ололт амжилтыг талууд онцлон тэмдэглэж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, орон нутгийн хөгжилд чиглэсэн шинэ төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцов. Тухайлбал, Мөрөн сумын цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг сайжруулж, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөл хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэж, уг ажилд 250 мянган еврогийн хөрөнгө оруулалт хийхээр тохиролцлоо. Энэхүү хөрөнгө оруулалт нь цэвэрлэх байгууламжийн хэвийн, найдвартай ажиллагааг хангах, бохир ус цэвэрлэгээний үр ашгийг дээшлүүлэх, улмаар орон нутгийн байгаль орчин, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг сайжруулахад чухал ач холбогдолтой юм. Мөн талууд эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа. Үүний зэрэгцээ Мөрөн хотын ногоон байгууламж, ойжуулалтыг нэмэгдүүлэх, ойн салбарын мэргэжилтэн, багш, албан хаагчдыг ХБНГУ-д мэргэшүүлэх болон чадавхжуулах сургалтад хамруулах чиглэлээр хамтран ажиллах санал солилцов. Ноён Петер Илк энэ удаагийн айлчлалынхаа хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудад чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаа танилцуулж, Мөрөн хоттой тогтоосон олон жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа цаашид тогтвортой үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрбээр орон нутгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, бодит үр өгөөжтэй шинэ төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа мөн онцлов. Уулзалтад Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх, Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Аззаяа, Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр, “Хөвсгөл Ус суваг” ОНӨК-ийн гүйцэтгэх захирал Ч.Батсүх, Мөрөн сумын Засаг дарга Х.Тайванбаяр болон холбогдох албан хаагчид оролцов