Монголын Ноосон Бүтээгдэхүүн Үйлдвэрлэгчдийн Холбооны төлөөлөл Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатартай уулзаж, Мөрөн хотод ноос, ноолууран утас ээрэх үйлдвэр байгуулах төслөө танилцууллаа. Уулзалтад тус холбооны тэргүүн Б.Ганбат, тэргүүлэгч Л.Чинболд болон аймгийн ЗДТГ-ын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Аззаяа, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Г.Баттулга, Хүнс, хөдөө аж ахуйн бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Билэгдэмбэрэл нар оролцов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд малын гаралтай түүхий эдийг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор уг төслийг боловсруулжээ. Төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн ноолуур, хонины ноос, сарлагийн хөөврийн нөөцөд тулгуурлан Мөрөн хотод түүхий эд боловсруулах, утас ээрэх үйлдвэр байгуулах боломжийг хэлэлцлээ. Энэхүү үйлдвэр байгуулагдсанаар малчдын орлого нэмэгдэж, шинэ ажлын байр бий болохын зэрэгцээ орон нутгийн үйлдвэрлэл хөгжиж, түүхий эдийн үнэ цэн өсөх ач холбогдолтой юм. Аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар уг санаачилгыг дэмжиж, төслийг холбогдох байгууллагуудтай хамтран судалж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлж ажиллахаа илэрхийллээ.
