Монгол Улсын Ерөнхийлөгч Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, эмч, эмнэлгийн ажилтнуудын ажиллах орчин, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдалтай танилцлаа. Энэ үеэр орон нутгийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг нэмэгдүүлэхэд зориулан туулах чадвар сайтай, эмнэлгийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглосон түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өглөө. Мөн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, бэлэн байдлыг сайжруулахад шаардлагатай хүчилтөрөгч өтгөрүүлэгч, дуслын шахуурга, хагалгааны иж бүрдэл, физик эмчилгээний УВЧ аппарат зэрэг эмнэлгийн тоног төхөөрөмжийг гардуулан өгсөн юм. Түргэн тусламжийн автомашин болон эмнэлгийн тоног төхөөрөмжүүд нь алслагдсан сум, багийн иргэдэд яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх, өвчтөнийг аюулгүй тээвэрлэх, оношилгоо, эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд бодит дэмжлэг болно.
