Аймгийн Худалдан авах ажиллагааны газраас “Худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийн хэрэгжилт, ил тод байдлыг хангах” сургалт, хэлэлцүүлгийг өнөөдөр Аймгийн Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд зохион байгуулж байна. Сургалт, хэлэлцүүлэгт аймгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, агентлаг, байгууллагуудын холбогдох албан хаагчид оролцож, худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлаар мэргэжил, арга зүйн мэдээлэл авч, туршлага солилцож байгаа юм. Тус арга хэмжээ нь худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийн хэрэгжилт, ил тод байдлыг хангах, албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, байгууллага хоорондын уялдаа, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой. Сургалтын хүрээнд худалдан авах ажиллагааг зохион байгуулахад анхаарах асуудал, тендерийн баримт бичиг боловсруулах, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлт, санхүү, төрийн сан, төрийн аудит, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, санхүүгийн хяналт, дотоод аудит, боловсролын салбарын төсөв, санхүү зэрэг чиглэлээр холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хүргэж байна.
