Өнөөдөр ИТХ-ын зөвлөлийн хурал болж, аймгийн 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө болон төсөв, ирэх онд иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, аймгийн хүндэт иргэн цол олгох зэрэг 6 асуудал хэлэлцэв.
Завхан аймагт 2026 онд 400 нэгж талбарт 52.55 га газрыг иргэдэд өмчлүүлэхээр төлөвлөсөн талаар Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас танилцууллаа. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 9,978 иргэнд 951,831 га газрыг өмчлүүлжээ.
Аймгийн 2025 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэлийг хэлэлцэх үеэр аймгийн татварын орлого 10 дугаар сарын дүн мэдээгээр 3,633.4 сая төгрөгөөс 4,562.6 сая төгрөг төвлөрч, 929.2 сая төгрөгөөр давж биелсэн гэдгийг албаныхан танилцууллаа.
Түүнчлэн өнөөдрийн зөвлөлийн хурлаар ИТХ-ын ээлжит 7 дугаар хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 03-нд хуралдуулахаар тогтов.