
УЛИАСТАЙ СУМЫН УЛСЫН ТЭРГҮҮНИЙ 1 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН 90 ЖИЛИЙН ОЙ БОЛЛОО 1931 онд аймгийн Намын хорооны анхдугаар их хурлаас “Эх нялхсыг хамгаалах цэцэрлэг байгуулах” шийдвэр гарч 30-аад хүүхэдтэй байгуулагдаж байсан тус цэцэрлэг өнөөдөр 12 бүлэгт 355 суралцагчтай 41 орон тоогоор ажиллаж байна. 2010 онд “Улсын тэргүүний цэцэрлэг”, 2015 онд “Улсын шилдэг цэцэрлэг”-ээр шалгарсан уг хамт олон үе үеийн сайн туршлагаа улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлж ажилласаар 90 жилийн ойтойгоо золгож байна. 90 жилийн ойн арга хэмжээ 2021 онд цар тахлын үеэр тохиосон тул түүхт ойгоо энэ жил хийж байгаа юм. 90 жилийн ойн баярын хуралд аймгийн Засаг даргын орлогч Ц.Улам-Оргих оролцож, цэцэрлэгийн шилдэг ажилтан, алба хаагчдыг шагнаж урамшууллаа. Мөн Улсын тэргүүний цэцэрлэг болтлоо өргөжин дэвжсэн, 90 жилийн түүхийг бүтээсэн хамт олон, хүүхэд багачууд эцэг эхчүүдэд баярын мэнд хүргэв.