
Аймгийн Засаг даргын 2025 оны А/206 дугаар захирамжаар 2025 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар цэргийн албанд татагдан, Хилийн цэргийн 0311 дүгээр ангид алба хааж буй бүрэлдэхүүний цэргийн тангараг өргөх ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын ахлах офицер, дэд хурандаа Г.Бавуудоржоор ахлуулсан ажлын хэсэг оролцлоо.
Хилийн цэргийн 0311 дүгээр ангиас ирүүлсэн хүсэлтийн дагуу аймгийн Нэгдсэн эмнэлгээс нарийн мэргэжлийн эмч нарыг томилон ажиллуулж, эрүүл мэндийн үзлэг хийж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цэргүүдэд хүргэв.
Тус ангид 2025 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн Завхан аймгийн 80, Улаанбаатар болон Орхон аймгийн 20, нийт 100 дайчдад эрүүл мэндийн үзлэгийг дотор, чих хамар хоолой, мэс засал гэмтэл, шүд гэсэн төрөлжсөн байдлаар хийж, сургалт мэдээллээр хангаж ажиллалаа.
Мөн үеэр шинээр тангараг өргөсөн цэргийн алба хаагч бүрт аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас гарын бэлэг гардуулж, албаа нэр төртэй хаахыг хүсэв.