Оюутолгой ХХК-ийн хэрэгжүүлж буй “100 сая мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод, модлог ургамлын үр, тарьц суулгацын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Архангай аймагт иж бүрэн тоног төхөөрөмж бүхий орчин үеийн мод үржүүлгийн газар байгуулах ажлын шав тавих ёслол боллоо.
Тус төслийг Архангай аймаг болон Оюутолгой ХХК хамтран 2024 оноос эхлэн үе шаттайгаар хэлэлцэж, хамтын ажиллагааны үр дүнд ийнхүү бодит ажил болгон хэрэгжүүлж байна.
Шинээр байгуулагдах мод үржүүлгийн газар нь жилдээ 1.5 сая хүртэлх тарьц, суулгац бойжуулах хүчин чадалтай бөгөөд Хангайн бүсийн хөрс, цаг уурын онцлогт дасан зохицсон мод, бут сөөгийг үржүүлэн ойжуулалт, ойн зурвас байгуулах, нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах юм.
Байгаль орчноо хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих, ирээдүй хойч үедээ эрүүл экологийн орчин бүрдүүлэх энэхүү бүтээн байгуулалт нь Архангай аймгийн ногоон хөгжлийн бодлогод чухал түлхэц болно.



