loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
МАЛЫН ТЭЖЭЭЛИЙН ЧАНАР, НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ШИНЭ ТЕХНОЛОГИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА | HuduuMN

МАЛЫН ТЭЖЭЭЛИЙН ЧАНАР, НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ШИНЭ ТЕХНОЛОГИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-08-26

Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Булган сумын Засаг даргын Тамгын газар, ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургууль болон “Ихтамирын итгэл” хоршоо хамтран 2026 оны 5 дугаар сард “Орон нутгийн нөхцөлд малын тэжээлийн нөөц, чанар хангамжийг нэмэгдүүлэх шинэ арга технологи нэвтрүүлэх” сэдэвт гэрээт ажлыг эхлүүлсэн.

Тус ажлын хүрээнд 5 болон 6 дугаар сард доройтсон хадлан, тариалангийн талбайг ашигт бактерийн бэлдмэл, биошингэн бордоогоор тордон сайжруулах, ногоон тэжээлийн ургац болон шимт чанарыг нэмэгдүүлэх чиглэлээр орон нутгийн мэргэжилтэн, малчдад зориулсан үзүүлэх сургалтуудыг амжилттай зохион байгуулсан билээ.

Гэрээт ажлын үргэлжлэл болгон 2026 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Булган сумын Баянбулаг багийн нутагт талбайн үзүүлэх сургалт зохион байгуулж, малын тэжээлд зориулан орон нутагт элбэг ургадаг халгай, лууль, шарилж зэрэг хөл газрын ургамлыг ашиглан сайн чанарын дарш бэлтгэх шинэ арга технологийг танилцуулж, практик байдлаар зааж сургалаа.

Сургалтад Булган, Батцэнгэл, Цэнхэр, Эрдэнэбулган, Ихтамир сумдын 50 гаруй малчин, мэргэжилтэн хамрагдаж, орон нутгийн нөөц боломжид тулгуурлан малын тэжээл бэлтгэх дэвшилтэт арга технологийн талаар мэдлэг, туршлага хуримтлууллаа.