loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ХБНГУ-ЫН КАССЕЛЬ ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА | HuduuMN

ХБНГУ-ЫН КАССЕЛЬ ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2026-06-23

Архангай аймагт Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Кассель хотын төлөөлөгчид ажиллаж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр уулзалт зохион байгуулан, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Кассель хотын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөлийн гишүүн Маттиас Нёлке, Кассель хотын эдийн засгийн хамтын ажиллагаа, гарааны бизнесийн асуудал хариуцсан зохицуулагч Самуэль Реттенмайер, Орон нутгийн хөгжлийн түншлэлийн элчин төлөөлөгч Франк Бёрнер, Хойд Хессений бүсийн менежментийн байгууллагын төлөөлөгч Пауль Винтер, Касселийн Их Сургуулийн Нэгдсэн эрчим хүчний системийн тэнхимийн эрхлэгч профессор, доктор Клеменс Хоффман, deENet эрчим хүчний сүлжээ болон smartOPS компанийн төлөөлөгч Штефан Чун, “Ahmed & Sennhenn concept” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Хассан Ахмед нар багтсан байна.

Уулзалтын үеэр талууд сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний үр ашиг, бүс нутгийн хөгжил, боловсрол, шинжлэх ухаан, инновац, эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцож, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар хэлэлцэв.

Энэ үеэр Архангай аймаг болон ХБНГУ-ын Кассель хотын холбогдох байгууллагууд сэргээгдэх эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, хүний нөөцийн хөгжил, аялал жуулчлал, соёлын хамтын ажиллагаа, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, шинжлэх ухаан, инновац, дижитал шилжилтийн чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд талууд харилцан туршлага солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт татах боломжийг судлах, тогтвортой хөгжлийг дэмжсэн санаачилгуудыг хамтран хэрэгжүүлэх чиглэлээр ажиллахаар тохиролцов.