Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026–2028 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаанд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, нийгмийн түншлэлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “Хөдөлмөрлөх эрх ба нийгмийн түншлэл” сургалт, зөвлөгөөн Архангай аймагт эхэллээ.
2026 оны 10 дугаар сарын 30–31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй тус сургалт, зөвлөгөөнд Архангай аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны анхан шатны хороодын дарга, төлөөлөл болон холбогдох байгууллагын нийт 65 хүн хамрагдаж байна.
Хоёр өдрийн турш хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрчний эвлэлийн байгууллагын үйл ажиллагаа, хүний эрхийн хамгаалал, цалин хөлс, орлогын бодлого, татвар болон нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар мэдээлэл, илтгэл хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Мөн аймгийн удирдлагууд Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөлтэй уулзаж, хөдөлмөр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, хөдөлмөрийн харилцаанд тулгамдаж буй асуудал, хамтын ажиллагааны талаар санал солилцох юм.
Сургалтын хүрээнд боловсрол, эрүүл мэнд болон бусад салбарын анхан шатны үйлдвэрчний эвлэлийн хороодын үйл ажиллагаатай танилцаж, 10 дугаар сарын 31-ний өдөр аймгийн иргэд, хөдөлмөр эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулна.
Энэхүү сургалт, зөвлөгөөн нь төр, ажил олгогч, ажилтны төлөөллийн гурван талт хамтын ажиллагааг бэхжүүлж, хөдөлмөр эрхлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нийгмийн түншлэлийн үр нөлөөг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.





