loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО 11 сарын 3нд | HuduuMN

УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО 11 сарын 3нд

2025-11-03

Долоо хоног бүр удирдах ажилтны шуурхай хуралдаанд аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагууд чиг үүргийн хүрээнд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл танилцуулдаг. 

Өнөөдөр аймгийн Байгаль орчны газраас “ Тэрбум модны талаар”, Боловсролын газраас “Багш нарын ажил хаялтын мэдээлэл”, Үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Ажил хаялтын үеийн зохион байгуулалт” , Зүүн бүсийн ашигт малтгал газрын тосны газраас Шатахууны нөөц, одоогийн нөхцөл байдлын талаар мэдээллийг тус тус танилцууллаа.

Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дараах үүрэг даалгаврыг өгөв. 

Үүнд:

1. Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, сумдад хөдөлгөөнт эргүүл, постуудыг үр дүнтэй ажиллуулах, иргэд, олон нийтэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээллийг тогтмол хүргэж ажиллахыг Зүүн бүсийн төв, аймгийн Онцгой байдлын газар, Байгаль орчны газрын дарга нарт, сумын мэргэжлийн ангиудын төлөвлөгөөнд тодотгол хийж, бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллахыг нийт сумын Засаг дарга нарт,

2. Иргэд, олон нийтийг хамарсан томоохон ажлыг зохион байгуулахад салбар хоорондын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргад, үйл ажиллагааг дэмжиж, идэвх санаачилгатай хамтран ажиллахыг нийт байгууллагын удирдлагуудад,

3. Аймгийн хэмжээнд үүссэн хур хогны зураглал гаргаж танилцуулах, Чойбалсан-Цагаан-Овоо сум чиглэлийн замд үүссэн хур хог болон улсын чанартай А/0502 дугаартай Чойбалсан-Өндөрхаан чиглэлийн авто замын Булган, Хөлөнбуйр сумын авто зогсоолын хогыг цэвэрлэх ажлыг холбогдох сумын Засаг дарга нартай хамтран шуурхай зохион байгуулж ажиллахыг аймгийн Байгаль орчны газрын даргад, 

4. Улс болон орон нутгийн чанартай авто замын тэмдэг, тэмдэглэгээний нөхцөл байдлыг судалж, сайжруулах талаар санал танилцуулж ажиллахыг аймгийн Засаг даргын тамгын газрын Салбарын хяналт, зохицуулалтын хэлтсийн даргад,

5. Улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй багш нарын ажил хаялттай холбогдуулан цаашид ажлаа зөв, оновчтой төлөвлөж, зохион байгуулж ажиллахыг аймгийн Боловсролын газрын даргад, хүүхдийн аюулгүй байдалд анхаарч, болзошгүй осол гэмтэл, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийгмийн ажилтнуудтай хамтран шаардлагатай газруудад хүрч ажиллахыг аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргад,

6. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хот болон Буйр нуурыг зорих гадаад, дотоодын аялагчдад орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгч нарыг дэмжих үүднээс нутгийн брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгож, худалдан авалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрхэн ажиллах санал танилцуулахыг аймгийн Засаг даргын тамгын газрын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргад, 

7. Дорнод аймгийн 2026 оны төсвийн төсөл боловсруулж байгаатай холбогдуулан өөрийн эрхлэх чиг үүрэгт хамаарах байгууллагын болон салбарын  түүхт ой, тэмдэглэлт баярын төсвийн саналыг зөв оновчтой төлөвлөж  ирүүлэхийг нийт байгууллагын удирдлагуудад, 

8. Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор байгууллагын удирдлагаас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, дотоод үйл ажиллагаанд хөндлөнгийн байгууллагаар мониторинг хийлгэж, ажлыг сайжруулж, удирдлагын манлайлал үзүүлж ажиллахыг нийт байгууллагын удирдлагуудад, 

9. “Дорнод аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл” боловсруулах ажил зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан аялал жуучлал, жижиг, дунд үйлдвэрлэл, хоршоо, хөдөлмөр эрхлэлт, спортын чиглэлээр  хэсэгчилсэн ажил хэрэгч, бүтээлч уулзалтыг зохион байгуулж, тулгамдсан асуудлыг сонсож, гарсан санал санаачилгыг үйл ажиллагаанд тусгаж ажиллахыг аймгийн Засаг даргын тамгын газрын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргад тус тус үүрэг болгов.