Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг үнэлж, түүнийг орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт, төсөв, санхүүжилтэд тусгах мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор АДАПТ төслөөс хоёр өдрийн сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтаар уур амьсгалын өөрчлөлтийн усны нөөц, мал аж ахуй, газар тариалангийн салбарт үзүүлэх нөлөөлөл, эрсдэлийг үнэлэх арга зүй, Уур амьсгалын эрсдэлийн индекс (CRI)-ийг ашиглан дасан зохицох арга хэмжээг төлөвлөх, санхүүжилтийн боломж, эх үүсвэрийг тодорхойлох асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Энэхүү сургалтад аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын Агро ой, хамгаалалтын зурвас хариуцсан мэргэжилтэн А.Алтанбагана, АДАПТ төслийн техникийн мэргэжилтэн О.Билгүүн, сумдын удирдлага, мэргэжилтнүүд, орон нутгийн Байгаль орчны газар, сум дундын ойн анги, мэргэжлийн байгууллага болон уул уурхайн компаниудын төлөөлөл оролцож байна.
Сургалтын эхний өдөр АДАПТ төслийн нэгдүгээр бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд боловсруулсан уур амьсгалын эрсдэлийн индексэд суурилсан дасан зохицох төлөвлөлтийн арга зүйг танилцуулж, эрсдэлийн мэдээллийг орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөд ашиглах, шаардлагатай арга хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлох чиглэлээр сургалт, хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм.
Манай аймаг тус төсөлтэй хамтран уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгаль орчныг хамгаалах, ойжуулалт болон байгалийн нөөцийн зохистой ашиглалтыг дэмжих чиглэлээр хамтын ажиллагаатай ажиллаж байна.