
Өнөөдөр аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдаанд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явцын талаар аймгийн Боловсролын газраас мэдээлэл танилцууллаа.
Аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуульд нийт 20259 суралцагч хичээллэж байгаа бөгөөд судалгаагаар энэ онд нэгдүгээр ангид шинээр 1990 сурагч элсэн орохоор байна. Энэ хичээлийн жилд цэцэрлэгт шинээр элсэх 2-5 настай хүүхдийн бүртгэлийг энэ сарын 21-ний өдөр 09:00–17:00 цагийн хооронд тойргийн цэцэрлэгүүдэд зохион байгуулах юм.
Түүнчлэн аймгийн зарим сургууль, цэцэрлэгийн их засвар болон урсгал засварын ажлууд хэвийн үргэлжилж байгаа бөгөөд төлөвлөгөөний дагуу энэ сарын 25-нд бүрэн дуусах мэдээллийг өглөө.
Мөн тус газраас 8 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд “Дорнодын боловсрол-2025” нээлттэй өдөрлөгийг Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулж сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулан дахин хэрэглэх боломжтой хувцас, хичээлийн хэрэгсэл хандивлах, хямд үнээр худалдах, борлуулах үйл ажиллагааг өрнүүлэх юм.