“ЦАГААН ТАЯГТНЫ ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг дэлхий нийтээр “Цагаан таягтны өдөр” буюу харааны бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг.
Тус өдрийг тохиолдуулан харааны бэрхшээлтэй иргэдийн эрх, тэгш оролцоог дэмжих, тэдний амьдралд тулгардаг саад бэрхшээл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцүүлэг зохион байгуулах, иргэдийн чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, хөгжил оролцоог дэмжих зорилгоор урлаг, соёлын олон нийтийн арга хэмжээг зохион байгууллаа.
Аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ иргэдийн тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсож, хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй авахад анхаарч холбогдох төрийн байгууллагуудад үүрэг чиглэл өгөх, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв байгуулахаар зорьж ажиллаж байгаагаа хэллээ.
Тус арга хэмжээнд аймгийн Эрүүл мэндийн газар, Биеийн тамир спортын газар, Төрийн цахим үйлчилгээний хэлтэс, Насан туршийн боловсролын төв, Нийтийн номын сан зэрэг байгууллагуудаас төрөөс харааны бэрхшээлтэй иргэдэд үзүүлж буй үйлчилгээ, хувь хүний хөгжлийн сургалт, эрүүл мэндийн зөвлөгөө тусламж, сонсдог номыг танилцуулан ажиллалаа.









