
Шивээговь сумын 3 дугаар сургуулийн Нийгмийн ажилтан Б.Алтанцэцэг, “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн тэргүүн 10а ангийн сурагч Л.Хонгорзул, гишүүн 10а ангийн сурагч Х.Ган-Эрдэнэ, Хүүхдийн зөвлөлийн тэргүүн 10а ангийн сурагч Э.Баясгалан, Дэд тэргүүн 10б ангийн сурагч Ц.Шүрэнгэрэл нарыг өнөөдөр аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ хүлээн авч уулзаж, электрон тамхины хэрэглээ, сөрөг нөлөөний талаар санал хүсэлтийг сонслоо.
Сурагчдын зүгээс аж ахуйн нэгж байгууллагуудад электрон тамхи буюу vape худалдахгүй байх уриалга гаргаж байгаа ба эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөний талаар үе шаттай сургалт, нөлөөллийн ажлыг үр дүнтэй зохион байгуулах талаар санал хүсэлтээ хэллээ.
Аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/21 дүгээр захирамжаар Өсвөр насны хүүхдийн электрон тамхины хэрэглээг бууруулах, эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, эрүүл мэндийг дэмжих зорилгоор аймгийн нутаг дэвсгэрт 18 нас хүрээгүй хүүхдэд электрон тамхи түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглосон.
Сурагчдын санал санаачлагын дагуу Ерөнхий боловсролын сургуулиудад электрон тамхины хор уршгийн талаар үе шаттай сургалт зохион байгуулахаар боллоо.