Хөвсгөл аймгийн Аялал жуулчлалын зөвлөлийн II хуралдаан өнөөдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Сүлд танхимд танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа. Хуралдаанаар аймгийн аялал жуулчлалын салбарт 2026 онд хэрэгжүүлсэн ажил, 2027 онд зохион байгуулахаар төлөвлөж буй арга хэмжээ болон “Хөх сувд 2027” мөсний баярын бэлтгэл, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэв. Хуралдаанд аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Л.Батцэцэг болон зөвлөлийн гишүүд оролцож, “Хөх сувд 2027” мөсний баярын хөтөлбөрийн төсөлтэй танилцан, санал солилцлоо. Хэлэлцүүлгийн үр дүнд мөсний баярын хөтөлбөрт зөвлөлийн гишүүдийн саналыг тусган, 11 дүгээр сарын 23-ны өдрийн дотор эцэслэн боловсруулж, аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд танилцуулахаар болов. Мөн аялал жуулчлалын салбарын статистик мэдээллийг нарийвчлан нэгтгэж, холбогдох хуралдаанд танилцуулах бэлтгэлийг хангах чиглэл өглөө.