Хөвсгөл аймагт хэрэгжиж буй “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” (STREAM+) төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, орон нутгийн түвшинд үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох зорилгоор төсөл хэрэгжүүлэгч талтай цахим уулзалт зохион байгууллаа. Уулзалтад аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх, Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Аззаяа, Салбарын хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга Ё.Батсайхан, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Г.Баттулга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Х.Идэр, Политехник коллежийн захирал Б.Ганхөлөг болон Галт, Жаргалант, Төмөрбулаг сумдын Засаг дарга нар оролцов. Уулзалтын үеэр 2026 онд төслийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны явц, хүрсэн үр дүн, ололт амжилтыг хэлэлцэж, хэрэгжилтийн явцад тулгарч буй хүндрэл, бэрхшээл, шийдвэрлэх шаардлагатай асуудлууд болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Мөн 2027 онд Хөвсгөл аймагт хэрэгжүүлэх үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, орон нутгийн хэрэгцээ шаардлага, хөгжлийн бодлого, зорилттой уялдсан ажлуудыг төлөвлөх, холбогдох байгууллага, сумдын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэв. Уулзалтын үр дүнд холбогдох байгууллага, сумдын саналыг нэгтгэн, 2027 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлтөд тусгах саналыг боловсруулж, төслийн Техникийн хорооны хуралд танилцуулахаар тогтлоо