Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр өнөөдөр аймгуудын Засаг дарга, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, орон нутагт тулгамдаж буй шаардлагатай асуудлыг шийдвэрлэх чиглэлээр цахим хурал хийлээ. Хурлын үеэр Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон орон нутагт тулгамдаж буй асуудлыг танилцуулж, зарим төсөл, арга хэмжээг 2027 оны улсын төсвийн төсөлд тусгуулах саналаа хүргүүлэв. ➡️Тухайлбал: ✅2019 оноос эхлэн баригдаж байгаа 100 ортой хүүхдийн эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулахад шаардлагатай 3.2 тэрбум төгрөгийг 2027 оны улсын төсөвт тусгах; ✅Иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн эдийн засгийн үзүүлэлтийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой Хатгал Ханх болон Мөрөн, Шинэ-Идэр, Жаргалант чиглэлийн босоо тэнхлэгийн авто замын ажлыг эрчимжүүлэх; ✅2025 онд хэрэгжүүлсэн малын эрүүл мэнд, дархлаажуулалтын арга хэмжээтэй холбоотой он дамжсан өр төлбөрийг шийдвэрлэх асуудлыг салбарын яамдад танилцуулж, холбогдох шийдвэрийг гаргуулах зэрэг санал хүргүүллээ. Шадар сайд Н.Номтойбаяр: орон нутагт жил бүр давтагддаг, удаашралтай байгаа асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхийн зэрэгцээ зөвхөн улсын төсөвт найдах бус дотоод нөөц, боломжоо бүрэн ашиглах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, бусад санхүүжилтийн эх үүсвэрийг татан оролцуулах замаар асуудлыг шийдвэрлэх гарц эрэлхийлж ажиллахыг аймгийн удирдлагуудад үүрэг болголоо. Хөвсгөл аймаг цаашид нэн шаардлагатай төсөл, арга хэмжээг эрэмбэлэн, иргэдийн эрүүл мэнд, дэд бүтэц, мал аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Засгийн газар болон холбогдох яамдтай хамтран ажиллана.
