
Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр “Амь-Ус” ХХК-д ажиллаж, компанийн удирдлагуудтай уулзаж, ажлын нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудыг ярилцлаа.
Тэрээр цэвэр усны үнийн зөрүүгээс алдагдал хүлээж буй байдлыг иргэдийн нуруун дээр үүрүүлэхгүй, орон нутаг хариуцах байр суурь хэвээр байгаагаа хэлээд дараах чиглэлүүдийг өглөө.
Завхан аймаг шинэ цэвэрлэх байгууламжтай болохтой холбогдуулан тус компанид гарах үйл ажиллагааны зардал, шинэ орон тооны асуудлаа ирэх оны төсөвт тусгуулах,
Аймгийн хэмжээний шугам сүлжээний бүх бүртгэлийг Орон нутгийн өмчийн газартай хамтарч хийх,
1990 оноос өмнөх үеийн зарим шугам сүлжээг хулгайгаар зарж борлуулсан гэх асуудлыг аймгийн Цагдаагийн газартай хамтран тодруулж, орон нутгийн өмчид эргүүлэн авах,
Дулааны станц баригдаж буйтай холбогдуулан шинэчлэх 14,8 км цэвэр усны шугам, Улиастай сумын Өлзийт багт шинээр тавигдаж буй 12 км шугамуудын ажил дээр хамтарч ажиллах,
Усны нөөцийн эх үүсвэрийг хамгаалах, энэ хэсэгт барилга бариулахгүй гэсэн мэдээллийг иргэдэд хүргэх,
Завхан аймаг инженерийн шугам сүлжээгээ шинэчилж буйтай холбогдуулан компанид үүсэх үйл ажиллагааны зардал, орон тоо нэмэх асуудлаа ИТХ-аар хэлэлцүүлэх зэрэг чиглэлүүдийг өглөө.
Мөн аймгийн хэмжээнд тулгамдсан асуудлын нэг бол бохир соруулах машины хомсдол байсан. Тийм учраас орон нутгийн төсвөөр авсан сумдын бохирыг соруулах, зөөх 2 шинэ автомашиныг “Амь-Ус” ХХК-д олголоо. Үр дүнд нь сумдад үйл ажиллагаа явуулж буй төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэд дуудлагаар бохироо соруулуулах боломжтой болж байгаа юм.