"ЭЦЭГ ЭХИЙН ХУРАЛ" АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран “Эцэг эхийн хурал” арга хэмжээг орон даяар хэрэгжүүлж эхэллээ.
Завхан аймгаас эхэлж буй уг арга хэмжээг аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нээв.
“Эцэг эхийн хурал” арга хэмжээний зорилго нь хүүхдийн эрх, хөгжил, хамгаалал, хүмүүжил төлөвшилд нөлөөлөх асуудлаар эцэг эх, асран хамгаалагчдын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, санал бодлоо солилцох, харилцан суралцах боломжийг бүрдүүлэх замаар тэдний оролцоо, чадавхыг бэхжүүлэх юм.
Арга хэмжээнд Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газрын дарга Б.Баярсайхан “Хүүхэд-хайр-ирээдүй” сэдвээр илтгэл мэдээлэл хийж, хүүхдийн хүмүүжил, эрх, эрүүл мэнд, эцэг эхийн эерэг нөлөөллийн талаар ярилцлаа.
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлах газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан “Хүүхдийн эрх ба хууль” сэдвээр, Боловсролын Ерөнхий газрын Суралцагчийн хөгжлийн газрын дарга А.Халиунаа “Сургуульд суурилсан хүүхэд хамгаалал” сэдвээр, ХГБХХЕГ-ын мэргэжилтэн У.Долгормаа “Хүүхдийн аюулгүй байдал-Эцэг эхийн оролцоо” сэдвээр тус тус мэдээлэл хийв.
Тус хуралд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд, Боловсролын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын албан хаагчид, сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, эцэг эх, асран хамгаалагч нар, ерөнхий боловсролын сургуулиудын хүүхэд хамгааллын баг, сумын хамтарсан баг, байгууллагын эцэг эхийн зөвлөлийн гишүүд оролцлоо.