Уулзалтыг аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Ш.Мянганбаяр удирдан, цахим залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр банкнуудын оролцоо ямар байх, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо. Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч П.Даваахүүгийн мэдээлснээр 2025 онд 129 залилах гэмт хэрэг үйлдэгдсэнээс цахим орчинд 116 буюу 89,9% нь үйлдэгдсэн бөгөөд хохирол нь 817.250.249 төгрөг байна.
Залилах гэмт хэргийг үйлдэгдэж буй хэлбэрээр нь авч үзвэл онлайнаар бараа бүтээгдэхүүн худалдан хийхээр урьдчилж мөнгө шилжүүлэх, фейсбүүк чатаар мөнгө өгч залилуулах, телеграммаар даалгавар биелүүлэх, зээлийн эрх нэмэгдүүлнэ, бага хүүтэй зээл авах зорилгоор хувийн мэдээллээ алдах, үнэт чулуу, шороо худалдаж авах, хусдаг сугалаанд оролцох, эх сурвалж нь тодорхой линк рүү орж хувийн мэдээллээ өгөх, судалгаа бөглөж хувийн мэдээллээ алдах, өөрийн утсанд ирсэн нууц кодыг бусдад дамжуулж фейсбүүкээ хакердуулах, урамшуулал, сугалаанд та мөнгө хожлоо гэх, хямд аялал, хямд нислэгийн тийзний захиалга авах үйлдлийн хэлбэрүүд ихэвчлэн бүртгэгдсэн байна.
Банкаар хийгдэж буй нийт төлбөр тооцооны 96-97 хувь нь цахимаар хийгдэж байгаа. Богино хугацаанд, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн иргэдийн хүсэл сонирхол дээр тулгуурлаж эдгээр цахим залилан хийгдэж байна. Банкнуудын зүгээс иргэд, харилцагчдад санхүүгийн боловсрол олгох, ирээдүйд үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл зөвлөгөө өгч ажилладаг бөгөөд иргэд банкны харилцах данс руу мөнгө хийсэн л бол эзэн холбогдогч нь тодорхой, ямар нэгэн байдлаар хохирлоо барагдуулна гэсэн буруу ойлголттой байдаг. Хэд хэдэн банкны данс дамжуулж байгаад, гадаад төлбөр тооцоо болгон хувиргадаг учраас ийм хайхрамжгүй байж болохгүй талаар, цахим залиланд өртөхгүйн тулд иргэд өөрсдөө сонор сэрэмжтэй, цахим хэрэглээндээ хяналттай байх талаар онцгойлон сэрэмжлүүллээ. Мөн “Хуучин утас худалдан авна” гэсэн зарын дагуу хуучин ашиглагдахгүй болсон утсаа худалдаж буй иргэдийн төрөл бүрийн мэдээлэл тухайн утсанд хадгалагдаж үлдсэн байдаг тул сэрэмжтэй байхыг банкуудын зүгээс анхаарууллаа.
Цаашид:
1. Цахим залилангаас урьдчилан сэргийлэх ажлын хэсэг байгуулж дунд хугацааны хөтөлбөр боловсруулж, үр дүнг тооцон ажиллах
2. Аймгийн ГХУСАЗСЗ-ийн улирал бүрийн хуралд цахим залилангаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй ажлын үр дүнгийн талаар мэдээлж байх
3. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагууд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг суталчилж, сургалт зохион байгуулах үүрэг бүхий 1 албан хаагчийг сургагч багшаар бэлтгэн ажиллуулах зэрэг шийдвэрүүдийг гаргалаа.