Монгол Улсын аварга малчин Д.Баасанхүү, гэргий Д.Оюун нарын шагналыг Монгол Улсын Шадар сайд, УИХ-ын гишүүн Т.Доржханд, УИХ-ын гишүүн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа, Монгол Улсын Боловсролын дэд сайд Д.Гантулга, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, ИТХ-ын төлөөлөгч М.Заяат нар Өвөр хашаатын өвөлжөөнд нь гардуулан өгөв.
Ямаачин Д.Баасанхүү гэж нутаг орондоо танигдсан аварга малчин маань 55 жил мал маллаж, хөдөлмөрч, малч ухаанаараа хүндлэгдэж иржээ.
Тэрээр хөдөө аж ахуй хүнсний үйлдвэрин тэргүүний ажилтан, Сумын сайн малчин, Хөдөлмөрийн хүндэт медаль, Аймгийн сайн малчин, Алтан төлийн эзнээр тодорч байжээ. Гэргий Д.Оюун Алдарт эхийн 1,2 дугаар одон, Алтан гадас одонтой хөдөлмөрч ээж юм. Тэдний гэр бүл болсоны 50 жилийн ой энэ жил тохиож байгаа юм байна.
80 шахам насыг насалж яваа эрхэм малчин ийнхүү Улсын аварга хэмээн дуудуулах боллоо.