Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж- Аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх, орон нутгийн онцлогтой уламжлалт хоол, идээ ундааны түүх, эх сурвалжийг судалж, түгээн дэлгэрүүлэх, таниулах мэргэжлийн тогоочдыг мэдлэг, ур чадварыг хөгжүүлж, туршлага солилцуулах, инноваци шингээсэн бүтээлийг хоол үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилготой “Очирваанийн галын бурхад- 2026” баруун бүсийн аварга шалгаруулах ур чадварын уралдаан Завхан аймагт эхэллээ.
Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нэг сум- Нэг брэнд” төсөл, арга хэмжээ тусгагдаж 2028 он хүртэл сум бүрийг брэнд хоолтой болгохоор төлөвлөж байгаа нь энэхүү арга хэмжээг зохион байгуулах нэгэн үндэс суурь болж байна.
Уралдааныг аймгийн Засаг даргын орлогч Д.Уужимсанаа нээж, тогооч нарт амжилт хүслээ.
“Очирваанийн галын бурхад- 2026” баруун бүсийн аварга шалгаруулах ур чадварын уралдаанд Завхан, Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай аймгууд, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын зоогийн газар, зочид буудал, цайны газар, эмнэлэг, цэцэрлэг, сургууль, аялал жуулчлалын байгууллага, зэвсэгт хүчин, уул уурхай зэрэг хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудын тогооч нар, төрийн бус байгууллагуудын төлөөлөл, мэргэжлийн болон техникийн боловсролын оюутан суралцагчид нийт 100 гаруй тогооч оролцож байна.
Нээлтийн арга хэмжээний үеэр Завхан аймгийн тогооч Д.Насанжаргал “Монгол Улсын мастер тогооч” цолоо гардаж авав.
Тогооч нар мэргэжлийн болон спортын төрлөөр 3 өдөр өрсөлдөх юм.