loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
УЛИАСТАЙ СУМЫН ЖИНСТ БАГИЙН 64 ГА НОГООНЫ ТАЛБАЙД УСЛАЛТЫН СИСТЕМ ТАВИХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА | HuduuMN

УЛИАСТАЙ СУМЫН ЖИНСТ БАГИЙН 64 ГА НОГООНЫ ТАЛБАЙД УСЛАЛТЫН СИСТЕМ ТАВИХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

2026-06-19

Завхан аймаг усалгаатай газар тариаланг сэргээж, хүнсний ногооны хэрэгцээгээ 100 хувь дотооддоо хангах бодлого зорилт дэвшүүлээд буй. Энэхүү зорилтын хүрээнд Улиастай сумын 64 га талбайд услалтын систем тавих ажлыг эхлүүлээд байна. Энэ амралтын өдрөөр аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр ажлын явцтай танилцлаа.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй уг төслийн хүрээнд 1.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий 4км ил болон далд услалтын хоолой тавих, тоног төхөөрөмж нийлүүлэх ажил хийгдэнэ. Өмнө 500 сая төгрөгийн ажил хийгдсэн. Ийнхүү Улиастай сумын 64 га талбайг 1.8 орчим тэрбум төгрөгөөр барьж байгуулж байна.

“Тэсийн бүрд” ХХК-ийн гүйцэтгэж буй усалгааны систем тавих энэ ажил намар 9 дүгээр сард дуусах юм.

Мөн ногоочдод экскаватор, анжис, унагалдай, үрлэгч, сийрүүлэгч, мөр хооронд манагч, бордоо цацагч, ногоо хураагч зэрэг тоног төхөөрөмж нийлүүлсэн.  

Цаашид усалгааны систем тавигдаж дууссаны дараа нэгдсэн зоорь барих, өвлийн хүлэмж байгуулах ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.

Мөн ногооны талбай орчмын газруудын төлөвлөлтийг сайжруулах, усалгааны чанарт мэргэжлийн багаар шинжилгээ хийлгэх, тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах зэрэг ажлуудыг хийнэ.