
Завхан аймаг уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмшигч компаниудтай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулалгүй өнөөдрийг хүрсэн.
Тэгвэл өнөөдөр аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Шувуун хар уул” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Золбаяртай “Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх” гэрээг байгууллаа.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж, Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд байгуулж буй уг гэрээнд үндсэн 4 зүйлийг тусгав. Үүнд:
1. “Шувуун хар уул” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй Завханмандал сумын иргэдийн саналаар сумд хийх хөрөнгө оруулалт, байгаль орчин хамгаалах ажлууд,
2. Улиастай сумын Жинст баг, Богд Чигэстэй голын ай савд Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулах, бүрэн тохижилт хийх /Өнгөрсөн жил тус төслийг гүйцэтгэх 15 га газрыг чөлөөлж орон нутгийн хэрэгцээнд авсан/,
3. “Шувуун хар уул” ХХК тээвэр логистик, хүнс, бараа ажил үйлчилгээ авах, ажиллах хүч сонгохдоо Завхан аймгийн аж ахуйн нэгж, иргэдтэй гэрээ байгуулах,
4. Туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийг Завхан аймгийн бүртгэлтэй болгох гэсэн чиглэлүүдийг тусгав.
Гэрээ байгуулах үеэр аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр Завхан аймагт ашигт малтмал, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бүх компанитай нийгмийн хариуцлагын гэрээг албан ёсоор байгуулна гэдгээ илэрхийлэв. Мөн гэрээнд тусгах заалтуудыг иргэдийн саналд тулгуурлаж, орон нутгийн иргэд болон Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар заавал хэлэлцүүлж ажиллана гэдгээ хэллээ.