loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНД ЗАВХАН АЙМАГ НЭГДЭЖ БАЙНА | HuduuMN

ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНД ЗАВХАН АЙМАГ НЭГДЭЖ БАЙНА

2024-12-09

Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг  нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү аяны зорилго нь хөвгүүд, эрчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч “Хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” хэмээн илэрхийлдэг. 

Тус аяныг Монгол улсад анх удаа 1997 оноос эхлэн Төрийн бус байгууллагын  санаачилгаар зохион байгуулж эхэлсэн бөгөөд Жендэрийн үндэсний хороо нь 2017 оноос аливаа хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, түүнээс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд төрийн, төрийн бус, олон улсын байгууллагуудыг уриалж, хамтран  тэмдэглэн өнгөрүүлж байна. 

Энэ жил тус аяныг дэлхий нийтэд  “Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход нэгдье” уриан дор, Монгол Улс “Охид эмэгтэйчүүд хаана ч аюулгүй-Шалтаг бүү тооч” уриан доор тэмдэглэж байна. Аяны хүрээнд Жендэрийн үндэсний хорооноос ирсэн албан бичгийг төрийн бүх байгууллагуудад хүргэн, Жендэрийн дэд салбар хороод, хэлтэс, агентлагийн даргаар ахлуулсан Жендэрийн дэд салбар зөвлөлүүд аянд нэгдэн ажиллах үүрэг, чиглэл өгч төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд олон нийтийг идэвхтэй оролцуулан,  хүчирхийллийг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр удирдамжинд заасан санаачилгыг дэмжин, холбогдох арга хэмжээг зохион байгуулж  ажиллахыг уриалж байна.