УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Ж.БАЯСГАЛАН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД, ТЭДНИЙ ГЭР БҮЛ, АСРАН ХАМГААЛАГЧДЫН САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСЛОО
Монгол Улсын Их Хурлын гишүүн Жадамбаагийн Баясгалан Говьсүмбэр аймагт ажиллах үеэрээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний гэр бүл, асран хамгаалагчид болон холбогдох байгууллагын төлөөлөлтэй уулзаж, санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг нь сонслоо.
Уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаатар, нийгмийн салбарын удирдах албан тушаалтнууд оролцож хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн үйлчилгээний хүртээмж, саадгүй орчин бүрдүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо.
Тус уулзалтаар Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомж, мөн хэлэлцүүлгийн шатанд байгаа болон цаашид өргөн мэдүүлэхээр боловсруулж буй нийгмийн хамгааллын салбарын хууль, эрх зүйн зохицуулалтын талаар танилцуулж, оролцогчдын саналыг сонслоо.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр тутмын амьдралд тулгамдаж буй асуудлыг бодит нөхцөлд нь тулгуурлан тодорхойлж, тэдгээрийг хууль тогтоомж, төрийн бодлогоор шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх, эрх тэгш оролцоог хангах, хүртээмжтэй орчныг бүрдүүлэх зорилгоор өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байна.








