АЙМГИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛИЙН 4 ДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО.
Хүүхдийн төлөө зөвлөлийн 04 дүгээр хуралдаан 2026 оны 08 дугаар сарын 19-ний өдөр боллоо. Аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Т.Бат-Эрдэнэ холбогдох байгууллагуудад дараах үүрэг, чиглэлийг өгч, хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ
1. “Хүүхдийн төлөө За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлж, үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарч, ажлын хэсгийг өргөн бүрэлдэхүүнтэйгээр байгуулан хүүхдийн эрхэд сөргөөр нөлөөлж буй бүх төрлийн эрсдэлийг илрүүлэх, бууруулах, арилгах ажлыг чанартай зохион байгуулах.
2. EKids, Хот аппликейшн-ийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, ашиглах талаар сургалт, мэдээлэл хүргэх. Мөн эцэг эх, асран хамгаалагч, иргэд олон нийтэд чиглэсэн хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаарх мэдээлэл, сэрэмжлүүлэг, контентыг тогтмол бэлтгэн хүргэх.
3. Хичээлийн шинэ жил эхлэж байгаатай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн орчинд хийх эрсдэлийн үнэлгээг чанартай зохион байгуулж, илэрсэн эрсдэлийг арилгах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах.
4. Хамран сургах тойргийн хүүхдүүдийн бүртгэлийг сум багийн Засаг дарга нартай тулгаж нэг ч хүүхдийг сургууль цэцэрлэгийн гадна үлдээхгүй байхад анхаарах.
5. Байгууллага бүр өөрийн орчны аюулгүй байдалд үнэлгээ хийж, ажилтнуудад эрсдэлийг үнэлэх, мэдээлэх талаар мэдлэг, мэдээлэл олгох
6. Байгууллага, аж ахуйн нэгж бүр “Хүүхэд хамгааллын бодлого” батлан хэрэгжүүлж, хүүхдэд зориулсан өрөө, орон зай бий болгон хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх.
Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь зөвхөн төрийн байгууллагын бус, гэр бүл, сургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгж, иргэн бүрийн хамтын үүрэг юм. Иймд “Хүүхдийн төлөө: За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөнийг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлж, хүүхэд бүрийн эрүүл, аюулгүй, ээлтэй орчинд өсөж хөгжих нөхцөлийг бүрдүүлэхэд хамтран ажиллахыг уриалж байна.





