
Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тохиолдуулан Монголын улаан загалмай нийгэмлэгээс “Гамшгийн эрсдэлийг бууруулахад эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт уулзалт семинарыг орон нутгийн Дунд шатны хороодоор дамжуулан бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байна.
Говийн бүсийн уулзалт семинар өнөөдөр Говьсүмбэр аймагт эхэллээ.
Уулзалт, семинарын нээлтийн ажиллагаанд аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн хурлын дарга
Ш.Билэггүмбэрэл, Засаг дарга Т.Бат-Эрдэнэ, Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Алтанбагана, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Улаан загалмайн Дунд шатны хорооны дарга Ш.Ариунбилэг нар оролцлоо.
Дэлхий нийтэд тохиолдож буй гамшиг, уур амьсгалын өөрчлөлт, зэвсэгт мөргөлдөөн, цар тахал зэрэг хүчин зүйлст эмэгтэйчүүд, охид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд илүү их өртөж байна.
Монгол улсын хувьд ч гамшгийн тоо, давтамж, байгалийн гамшиг, цаг уурын өөрчлөлтөөс үүдсэн аюул, осол нэмэгдсээр байгаа юм.
Говьсүмбэр аймагт ахуйн гал түймэр, зам тээврийн осол, хүчтэй цасан болон шороон шуурга, хүн, малын гоц халдварт өвчин ихэвчлэн тохиолддог.
Сүүлийн 3 жилийн хугацаанд тохиолдсон аюул, ослын улмаас 1221 хүн өртөж, бэртэж гэмтсэн байна.
Тиймээс Монголын улаан загалмай нийгэмлэгээс гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд төр болон хувийн хэвшил, иргэний нийгэм, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эмэгтэйчүүдийн оролцоог хангах, сайн туршлага, амжилтыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэхүү уулзалт семинарыг зохион байгуулж байгаа юм.
Уулзалт семинарт орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, бизнесийн болон олон улсын байгууллага, иргэд, олон нийт, сайн дурын идэвхтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл 40 гаруй оролцогч хамрагдаж байна.