loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
"ТОРГОНЫ ЗАМЫН ОЛОН УЛСЫН ЭКСПО" АРГА ХЭМЖЭЭНД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Т.БАТ-ЭРДЭНЭ ОРОЛЦЛОО. | HuduuMN

"ТОРГОНЫ ЗАМЫН ОЛОН УЛСЫН ЭКСПО" АРГА ХЭМЖЭЭНД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Т.БАТ-ЭРДЭНЭ ОРОЛЦЛОО.

2026-05-28

"ТОРГОНЫ ЗАМЫН ОЛОН УЛСЫН ЭКСПО" АРГА ХЭМЖЭЭНД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Т.БАТ-ЭРДЭНЭ ОРОЛЦЛОО.

БНХАУ-ын Ши-Ань хотноо 2026 оны тавдугаар сарын 21–25-ны өдрүүдэд 10 дахь удаагийн “Торгоны замын олон улсын экспо” арга хэмжээ зохион байгуулагдсан. 

Тус арга хэмжээний үеэр “Олон улсын худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын уулзалт”-д аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ оролцож, Говьсүмбэр аймгийн танилцуулга, мөн GEDIS тогтолцоонд суурилсан Монгол, Хятадын мал аж ахуйн салбарын дижитал хамтын ажиллагааны жишиг эко паркийн төслийг онцлон танилцууллаа. 

Уг төсөл бол Монгол, Хятадын мал аж ахуйн салбарын дижитал хамтын ажиллагааны жишиг эко парк юм. Тус парк нь Говьсүмбэр аймгийн Баянтал суманд байрлах бөгөөд MONEXALL ХХК болон Хятадын талын түнш байгууллагууд хамтран хэрэгжүүлж буй, GEDIS тогтолцоонд суурилсан Монгол Улсын анхны дижитал аж үйлдвэрийн парк юм. 

Энэхүү паркийн үндсэн зорилго нь GEDIS тогтолцоонд суурилан хил дамнасан дижитал хамтын ажиллагааны платформыг бүрдүүлж, дэлхийн улс орнуудын ААН-үүдтэй хамтран дижитал, ногоон хөгжлийн экосистемийг цогцлоон байгуулахад оршино. Энд үйлдвэрлэл, худалдаа, тээвэр логистик, санхүү, хөрөнгө оруулалт, төлбөр тооцоо зэргийг нэгдсэн байдлаар хөгжүүлж, итгэлцэлд суурилсан, өндөр үр ашигтай, ил тод хил дамнасан дижитал орчныг бүрдүүлэх юм.

Мөн аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ БНХАУ-ын Шаньси мужийн дарга Жао Гантай албан ёсны уулзалт хийж, Шаньси мужийн Засаг дарга Жао Ган хоёр орны нөөц боломжийг дижитал хэлбэрээр холбох шинэ загварыг өндрөөр үнэлж, Монгол Улсын Говьсүмбэр аймгийн Баянтал суманд хэрэгжих Мал аж ахуйн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн эко паркийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлэв.