
ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРААС МОД, ЖИМС ЖИМСГЭНЭ ТАРИАЛАХ ТОХИРОМЖИТ ГАЗРЫН СУДАЛГААГ МЭРГЭЖЛИЙН БАГААР ХИЙЛГЭВ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Завхан аймаг 2030 он гэхэд 25 сая мод тарьж ургуулах зорилттой. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд ямар сумдын ямар байршилд, ямар төрлийн мод, жимс жимсгэнэ тарихад тохиромжтойг судлах төслийг хэрэгжүүллээ.
Уг судалгааг ХААИС-ын Агроэкологийн сургуулийн захирал доктор, дэд профессор, хөрс судлаач, агрохимч А.Буянбадрахаар ахлуулсан мэргэжлийн баг аймгийн ЗДТГ-ын захиалгаар хийж гүйцэтгэв.
Өнөөдөр төслийн баг аймгийн Засаг дарга Г.Өнөрбаярт судалгааны ажлын гүйцэтгэл, дүгнэлтээ танилцууллаа.
Судалгааны баг Завхан аймгийн бүх сумдад мод тарих ба жимс жимсгэнэ тарих 2 чиглэлд газарзүйн байршил, хөрс, уур амьсгалын нөхцөл, газрын гадарга, цэвдэг, агаарын температур, ургамлын бүрхэвч, хөрсний бүрхэвч, хур тунадас зэрэгт тулгуурлан судалгаа хийжээ.
Жимс жимсгэнэ тариалахад тохиромжтой сумдаар Ургамал, Дөрвөлжин, Алдархаан, Завханмандал, Тэс, Тосонцэнгэл, Сантмаргаз, Идэр сумдын 3.1-38.1 хувь нь нэн тохиромжтой гэсэн дүгнэлт гарчээ.
Ойг нөхөн сэргээх, ойжуулах ажлыг хийхэд тохиромжтой сумдаар Тосонцэнгэл, Их-Уул, Баянхайрхан, Тэс, Тэлмэн сумдын 10.6-28.2 хувь нь тохиромжтой байна.
Мөн заган, хусан, нарсан ойг зарим сумдад хийхэд тохримжтой хэмээн дүгнэжээ.