СҮМБЭР СУМЫН МАЛХ БАГИЙН МАЛЧИН Ц.ЕРӨӨЛТ АЛТАН БОТГОНЫ ЭЗЭН БОЛЛОО.
Монголын Үндэсний олон нийтийн радио телевизээс жил бүр шалгаруулдаг АЛТАН БОТГОНЫ ЭЗЭН-ээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Малх багийн малчин Ц.Ерөөлт тодорлоо.
Шагналыг аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч Б.Наранбаатар, АИТХ-ын нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг, Сүмбэр сумын Засаг дарга Э.Даваадорж, Монголын үндэсний олон нийтийн радиогийн захирал Ц.Бямбажаргал болон холбогдох албаны хүмүүс хотонд нь гардуулж өглөө.
Ц.Ерөөлт 2010 оноос тус Сүмбэр сумын Малх багийн нутаг Замын шанд-д төвхнөн ажиллаж, амьдарч байгаа бөгөөд мал сүргээ 5 төрөл дээр нь тэгш өсгөж байгаагаас гадна тэмээний аж ахуйг дагасан мартагдах шахсан тэмээ нуруу ачих, тэмээн тэрэг хөллөх, хом, бамбай,шат, буйл, бурантаг, татлага, тэмээний уриа дуудлага, тэмээн өөжин гэх зэргийн үндэсний өв соёлыг хадгалж улмаар өвлөж , өвлүүлэх, өдөр тутмын ахуйд ашиглах талаар үлгэр дууриалалтай үлдэх мөртэй өрхийн тэргүүн манлайлагч малчин юм.
Ц.Ерөөлт нь хүүхэд ахуйгаасаа өөрийн хүсэл сонирхолоо дагаж малчин болосн ба бага наснаасаа тором, тайлаг уналга эдэлгээнд сурган номхруулж ирсэнээр 1990 онд эмнэг хангал сургалтын төрлөөр МУ-ын “Эмнэг хангал сургалт”-ын мастер болзол хангасан байна.
Сүүлийн жилүүдэд тэмээний аж ахуй эрчимжсэн хэлбэрт шилжүүлэх тал дээр санаачилгаатай ажиллаж ээлжийн ингэний тоог 40 толгойд хүргэсэн байна.
“Малч ухаан тань дэлгэрч, хөдөлмөр зүтгэл тань амжилтаар бялхаж явахын ерөөл өргөе”.












